Хятад

ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫН ӨСӨЛТ 2013

2013 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал Хятадын коксжих нүүрсний импорт 7.6 сая тонноор нэмэгдэж харин хоёрдугаар хагаст 14.2 сая тонноор өсөж нийт жилийн дүнгээр 21.8 сая тонноор өссөн байна. 2013 онд Хятад 75.4 сая тонн коксжих нүүрс импортлосон бол тус үзүүлэлт 2012 онд 53.6 сая тонн байв. Энэ нь 40.6 хувийн өсөлтийг харуулж байна.

chinacokingimport


ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫН БУУРАЛТ 2014 оны эхний хагас жил

Хятадын коксжих нүүрсний импорт 2014 оны эхний хагас жилд өмнөх оны дүнгээс 12.5 хувиар буурсан
Хятадын коксжих нүүрсний импорт 2014 оны эхний улиралд 13 сая тонн, харин хоёрдугаар улиралд 18 сая тонн болж эхний хагас жилд нийт 31 сая тонн импортлосон нь өмнөх оны дүнгээс 4.4 сая тонноор дутуу байна.

Зураг 1. Хятадын коксжих нүүрсний импорт

chinaimport2014H1

Хятадын коксжих нүүрсний импорт эхний улиралд өмнөх оны мөн үеийн мэдээтэй харьцуулахад 4.2 сая тонноор бага харин хоёрдугаар улиралд 200 мянган тонноор буурсан байна (Зураг 2).

Зураг 2. Хятадын коксжих нүүрсний импортын өсөлт, 2014

chinaimportgrowth2014H1

Мэдээг экспортлогч улсаар ангилахад 1-р улиралд бүх экспортлогч улсаас худалдан авах Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байхад хоёрдугаар улиралд зөвхөн Австрали болон Монголоос авах хэмжээ өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл 2013 оны хоёрдугаар улиралд Австрали 5.4 сая тонн коксжих нүүрс Хятадруу экспортлосон бол 2014 оны хоёрдугаар улиралд 8.5 сая тонн экспортлосон нь 3.1 сая тонноор өсөж, харин Монголын хувьд коксжих нүүрсний экспорт хоёрдугаар улиралд 3.4 сая тонноос 5.5 сая тонн болж 2.1 сая тонноор өссөн байв (Зураг 3).

Зураг 3. Хятадруу экспортлосон коксжих нүүрсний өсөлт, 2014

exportgroth2014H1

Эх сурвалж: China Coal Resources
Австрали 2014 оны эхний хагаст 15 сая тонн коксжих нүүрс Хятадын зах зээлд нийлүүлсэн бол Монгол улс үүнээс 2 дахин бага хэмжээний нүүрс борлуулжээ (Зураг 4).
Зураг 4. Хятадын коксжих нүүрсний импорт улсуудаар

chinacokingimport2014H1

Эх сурвалж: China Coal Resources
2014 оны эхний хагас жилийн дүнгээр Хятадын импортын коксжих нүүрсний зах зээлийн 48 хувийг Австралийн нүүрс эзэлж байгаа бол Монгол 24 хувь, ОХУ 10 хувь, Канад 10 хувьтай байна (Зураг 5). 2013 оны мөн үеийн мэдээтэй харьцуулвал Австралийн нүүрс Хятадын зах зээлд бараг тал хувийг эзэлж бусад улсын нүүрсийг түрэн орж ирлээ. Монголын хувьд 2013 оны эхний хагас жилд экспорт 2012 оны дүнгээс буурсан тул 2012 оны эхний хагаст Хятадын зах зээлд эзлэх жин 33.6 хувь байсан гэхэд 2014 оны 24 хувь нь буурсан үзүүлэлт гэж хэлж болно.
Зураг 5. Хятадын коксжих нүүрсний импортын зах зээл

2013share2014share

ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ ЯАГААД БУУРАВ?
Хятадын коксжих нүүрсний импорт эхний зургаан сард 12.5 хувиар буурсан нь дараахь шалтгаантай юм. Нэгдүгээрт, Хятадын гангийн эрэлт буурсан ба дэлхийн гангийн хэрэглээний өсөлт 2014 онд буурна. Учир нь Хятадын эдийн засгийн өсөлт бага зэрэг саарна. Хоёрдугаарт, агаарын бохирдлын асуудлаар Хятадын хамгийн том нүүрс хэрэглэгч 17 мужууд нүүрсний хэрэглээгэ бууруулах төлөвлөгөө авсан. Гуравдугаарт, Хятад олон улсын нүүрсний зах зээлд“swing’’ буюу шилжих хэрэглэгч гэж явдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын нүүрсний үнэ бага байхад импортоор нүүрс авна, харин дотоодын үнэ олон улсын үнээс бага болоход гангийн үйлдвэрлэгч нүүрсний хэрэгцээгээ дотоодын зах зээлээс хангадаг .

Гангийн хэрэглээ коксжих нүүрсний эрэлтэд нөлөөлөх нь
Дэлхийн Гангийн Нийгэмлэг (World Steel Association) гангийн хэрэглээний өсөлт 2014 онд буурч 3.1 хувьтай буюу 1.53 тэрбум тонн, харин 2015 онд 3.3 хувийн өсөлттэй буюу 1.58 тэрбум тонн болно гэсэн хүлээлттэй байна. Харин 2013 онд гангийн эрэлт үүнээс их буюу 3.6 хувийн өсөлтийг үзүүлж 1.48 тэрбум тонн болсон. 2014 онд дэлхийн гангийн хэрэглээний өсөлт өмнөх оноос буурах шалтгаан гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт саарсан болон шинээр хөгжиж байгаа улсуудад бүтцийн өөрчлөлтийн явцад бэрхшээл тулгарч байна.
Хятадын засгийн газар хөрөнгө оруулалтанд дулдуйдсан эдийн засгаас хэрэглээнд тулгуурласан эдийн засагтай болох оролдлогын хүрээнд хөрөнгө оруулалтаа бууруулсны үр дүнд гангийн эрэлтийн өсөлт 2013 онд 6.1 хувь байсан бол 2014 онд суларч 3 хувь болох юм. 2013 онд Хятадын гангийн хэрэглээ 700 тэрбум тонн болж дэлхийн хэрэглээний бараг тал хувьд хүрсэн, 2014 онд энэхүү үзүүлэлт 721 тэрбум тонн, 2015 онд 741 тэрбум тонн буюу өсөлт нь саарч 2.7 хувь болох юм. Хятадад зээл авах нөхцөл чангарсан, орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл үүссэн ба худалдан авалт буурсаны улмаар үл хөдлөх хөрөнгийн салбар орчилын уналтанд орсоныг 2014 оны эхний найман сард орон сууцны борлуулалт 10 хувиар буурсан байдлаас харж болно. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2016 оноос Хятадын баруун болон төв хэсгийн бүтээн байгуулалтаар эргээд сэргэх юм байна. Хятадын засгийн газар төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц барих дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байгаа нь одоогийн эдийн засгийн өсөлтийг тэтгэсээр байна. 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай бол BREE (Австралийн Bureau of Resources and Energy Economics) мэдээгээр 2014 онд өсөлт нь 7.2 хувь болно гэсэн хүлээлттэй байна.
Хүн амын тоогоор хоёрт орох Энэтхэг улсын аж үйлдвэр болон барилгын салбарт өсөлт гарснаар гангийн эрэлтийн өсөлт 2013 оны 1.8 хувиас өсөж 2014 онд 3.3 хувь, 2015 онд 4.5 хувь болно. Дэлхийн Гангийн Нийгэмлэгийн тооцоогоор Энэтхэг улс өөрийн гэсэн бэрхшээлтэй байгаа тул ойрын хэдэн жилд Хятадын өмнө гарч тэргүүлэгч гангийн хэрэглэгч болохгүй юм байна. Энэтхэг өнөөдөр өөрийн хүчин чадлаа бүрэн дайчилсан бөгөөд цаашид хүчин чадлаа өргөжүүлэх эсвэл импортын материал ашиглах эсэхээ шийдэх юм. Дэлхийн гангийн нийгэмлэгийн таамаглалаар ойрын хэдэн жилүүдэд шинээр хөгжиж буй улсуудад бүтцийн өөрчлөлт хийх асуудал болон санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлаас болоод эдгээр улсудын дэлхийн гангийн хэрэглээнийн өсөлтөд оруулах хувь нэмэр буурах юм. 2014 онд хөгжил өндөртэй улсууд эдийн засгийн хямралаас гаран гангийн хэрэглээний өсөлтөд нөлөө үзүүлнэ гэжээ. Европын Холбооны өсөлт 2013 онд саарч 0.3 хувьтай байсан бол 2014 онд барилгын ажил нэмэгдсэнээр гангийн хэрэглээ 3.1 хувьтай болж 143 сая тонн, 2015 онд 3 хувь өсөж 148 сая тоннд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ нүүрсний эрэлтийг бууруулна
Хятадын гангийн хэрэглээ дангаараа дэлхийн бусад бүх улсын хэрэглээтэй адил тэнцүү байгаа нь Хятадын зах зээл дэлхийн эдийн засагт ямар их хувь нэмэр оруулж байгааг харуулах боловч нөгөөтэйгүүр энэ хэмжээгээр дэлхийн агаарын бохирдлыг үүсгэж байгаа нь одоогийн Хятадын засгийн газрын сэтгэл зовоосон асуудал болжээ.
2013 оны 9-дүгээр сард агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд нүүрсний хэрэглээг буруулах төлөвлөгөөг Хятадын Төрийн Зөвлөлөөс гаргасан байна. Жишээ нь Хятадын 34 мужаас 12 нь нүүрсний хэрэглээний 44 хувийг эзэлдэг тул эдгээр мужуудын нүүрсний хэрэглээг бууруулах зорилтот түвшинг тогтоожээ. Үүнд 2012 онд хэрэглэсэн нүүрс хэрэглэх хэмжээнээс 2017 он гэхэд Бээжин нүүрсний хэрэглээгээ 50 хувь, Хэбэй муж 13 хувь, Тианжин 19 хувь, Шандонг 5 хувь, Чонгкинг 21 хувь, Шаанси муж 13 хувиар буруулах учиртай. 2017 он гэхэд энэхүү арга хэмжээний үр дүнд 12 мужийн нүүрсний хэрэглээ 350 сая тонноор буурах юм.
Дээр дурьдсан Хятадын 12 мужаас гадна 17 муж мөн адил нүүрсний хэрэглээгээ бууруулах сонирхолоо илэрхийлсэн байна. Хятадын эрчим хүчний хэрэглээнд нүүрсний хэрэглээ 65 хувь эзэлж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа ч хараахан зонхилох хувилбар болоогүй байна.

Олон улсын нүүрсний зах зээлийн үнэ болон дотоодын нүүрсний үнийн харьцаа
Хятадын дотоодын олборлогчид өрсөлдөөнд шахагдан нүүрсний үнээ буулгах хирээр дотоодын нүүрс илүү хямд болж импортын нүүрсийг орлуулах чанартай болоход Хятадын нүүрсний импортын эрэлт буурдаг. Хятад олон улсын худалдааны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний нүүрс импорлодог ч гэсэн импортын дүн дотоодын хэрэгцээний арав хүрэхгүй багахан хувь тул хэрэгцээгээ дотроосоо хангах бүрэн боломжтой юм. 2013 онд Хятад улс 314 сая тонн бүх төрлийн нүүрс импортлосон байхад нийт 1.2 тэрбум тонн нүүрс олон улс хооронд арилжаалагджээ (Зураг 6-I). Нөгөөтэйгүүр Хятадын Үндэсний Нүүрсний Холбооны мэдээгээр Хятадын нүүрсний хэрэглээ 2013 онд 3.6 тэрбум тонн, харин Хятадын нүүрсний дотоодын олборлолт 3.7 тэрбум тонн болсон.

chinacoalimport

Олон улсын нүүрсний зах зээл дээрхи дундаж үнийн динамикийг харахад 2014 оны 9-дүгээр сарын 23-ны мэдээгээр нэг тонн сайн чанарын хатуу коксжих нүүрс Хятадын зүүн эрэг хавьд 123 ам. доллараар зарагдаж байна (Зураг 7). Энэ нь Монголын адил чанартай коксжих нүүрс Гашуун Сухайт боомт дээр 69 ам. доллараар зарагдах боломжтой юм. Харин Таван Толгойн уурхайн амнаас хил хүртэл 237 km гэвэл тонн тутмыг ачааны машинаар тээвэрлэхэд нэг km тутамд 8 цент гэж бодвол тээврийн зардал 19 ам. доллар болж уурхайн амнаас зарах үнэ 50 ам. доллар байна.

Хятадын импортын болон дотоодын коксжих нүүрсний үнэ

domesticvsimported

Эх сурвалж: China Customs Statistics

Хятадын Жингтанг боомт дээрхи Шанси мужийн дотоодын коксжих нүүрсний үнэ Австралиас орж ирсэн сайн чанарын нүүрсний үнэтэй адил тэнцүү болтол буурсаар байгаа нь импортын нүүрс өрсөлдөх чадваргүй болсоныг харуулна. Хэрвээ импортын үнэ дотоодын үнээс өндөр болвол Хятад импортоо бууруулдаг жамтай. Харин импортын нүүрсний үнэ дотоодын нүүрсний үнээс харьцангуй бага бол импортын худалдан авалтаа нэмэгдүүлдэг. Олон улсын зах зээл дээр ороод эсвэл гараад байдаг худалдан авагчийг шилжих буюу “swing’’ тоглогч гэдэг.
Олон улсын нүүрсний зах зээл дээр илүүдэл үүссэн учир нүүрсний үнэ тасралтгүй буурч байгаа ч Хятадын дотоодын компаниуд мөн адил үнээ буулгасаар байгаа учир нүүрс хэрэглэгчид импортын нүүрсийг дотоодын нүүрсээр орлуулж импортын нүүрс худалдан авах ажиллагаа буурах магадлалтай боловч өвлийн бэлтгэл овоолгоо зузаатгах үйл ажиллагаа 3-дугаар улиралд эхэлдэг тул оны сүүлийн хоёр улиралд нүүрсний худалдан авалт нэмэгдэх эсвэл өмнөх оны түвшинд хэвийн байна.

2014 онд Хятадын нийт нүүрсний импорт буурав

Хятад бол дэлхийд хамгийн том нүүрс хэрэглэгч улс юм. Хятадын нүүрсний худалдаа нь олон улсын худалдааны бараг дөрөвний нэгийг эзэлдэг тул олон улсын зах зээл дэх нүүрсний үнийг Хятад тодорхойлсон хэвээр байна. Тасралтгүй зургаан жил өсөн нэмэгдэж байсан Хятадын нүүрсний импорт анх удаа 2014 онд буурч 291.2 сая тонн болов.

2014-china-imports-coal

Хятадын нүүрсний импорт 2014 онд буурсан үндсэн шалтгаан нь засгийн газраас дотоодын нүүрсээ түлхүү ашиглахыг урамшуулсан ба импортын нүүрсэнд тавих хяналт шалгалт  их болсон бодлогын үр дүн юм. Үүнээс гадна 2015 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн импортын нүүрсний чанарын үзүүлэлт чангарсан явдал нүүрсний импортод нөлөөлөв. Эдгээр үзүүлэлт нь Хятад дахь нүүрсний хэрэглээг зохицуулж муу чанарын нүүрс худалдаалахыг хязгаарладаг юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт нь эрчим хүчний хэрэгцээг бууруулсан тул нүүрсний дотоод хэрэгцээ буурсан бөгөөд дотоодын нүүрсний үнэ үргэлжлэн унасаар байна.

Хятадын коксжих нүүрсний импорт 2015 оны эхний хагас жилд 30 хувиар буурлаа

2015 оны эхний хагас жилийн дүнгээр Хятадын коксжих нүүрсний импорт 21.6 сая тоннд хүрч өмнө оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.3 сая тонн буюу 30 хувиар буурсан байна (Зураг 1).

2015H1-china-coking-imports

Хятад улс Австралиас авах нүүрсээ 4.2 сая тонн буюу 28 хувиар, Монголоос 1.3 сая тонн буюу 17 хувиар, Канадаас 0.8 сая тонн буюу 28 хувиар, ОХУ-аас 1.4 сая тонн буюу 43 хувиар, АНУ-аас 1.3 сая тонн буюу 92 хувиар тус бүр бууруулсан байна (Зураг 2).

2015H1-export-to-china-by-country

Эх сурвалж: CCR
2015 оны эхний хагас жилд Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлийн тал хувийг Австрали хангасан бол Монгол улс 29 хувийг нийлүүлсэн юм (Зураг 3). Удаахь нийлүүлэгчид нь Канад болон ОХУ бөгөөд тус бүр зах зээлийн 10 болон 8 хувийг нийлүүлсэн юм.

Зураг 3 Хятадын коксжих нүүрсний импорт улсуудаар (эхний хагас жил)

2014H1-country2015H1-country

2013 онд Австрали Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлийн 40 хувь, 2014 онд 50 хувийг эзэлж байв. Харин Монгол 2013 онд тус зах зээлийн 20 хувь, 2014 онд 24 хувийг нийлүүлсэн юм.
Хятадын коксжих нүүрсний импорт 2009 онд 34 сая тонноос тасралтгүй өссөр 2013 онд 75 сая тоннд хүрч 2014 онд 62 сая тонн болон буурсан юм. 2015 оны эхний хагас жилд Хятад 22 сая тонн коксжих нүүрсний импортлосон байна (Зураг 4). Импорт буурсан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ээлжит зогсонги байдалд орсонтой холбоотой бөгөөд 2016 оноос Хятадын засгийн газрын төлөвлөсөн бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн цагт эдийн засаг сэргэх аж.

2015H1-Mongolia

Эх сурвалж: CCR

___________________________________________________________________________________

Орос Хятадын хий нийлүүлэх гэрээТЗ-2014-n3-31

Хятадын XII таван жилийн төлөвлөгөө-ТЗ-2014-n2-30

Хятадын гангийн салбарын бодлого-ГХ-2014-n2-33

Төрийн өмчийн хэлбэр үү хувийн хэвшил үү VIP-expert-2014-namar-n3

Гангийн эрэлт өсөх сайн дохио хэврэг-ҮШ-2013.8.5


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s